Мэдээ

Р.Эмүжин: За Оюун-Эрдэнэ ээ, эртхэн сайн муугаа ярьж авъя.

Энхсайханыг хэвлэлийнхэн ганцаардсан чоно гэж хочилдог байлаа. Төсөл, төлөвлөгөө, эдийн засгийн бодлогын хувьд үнэ цэнэтэй хүн боловч баг муутай. Энхбаяр эвгүй талдаа Ерөнхий сайд байлаа. Тагнуул, цагдаагаар шалгуулна. Шалгуулаад гүйж явахад Төрийн албаны зөвлөлийг нь атгадаг Зүмбэрэллхам гэж нөхөр байсан даа, тэр нь утасдана, угсраа мэх юм уу, хаашаа юм. Зөрүүд надад тэр арга нь даанч тохирохгүй. Элбэгдорж бол шүүмжлэлд нээлттэй хандана, өөрийнхөө үзэл бодлыг уншуулах гэж, ойлгуулах гэж их зүтгэнэ. Өөр талаас нь унших тусам өөрийнхөө талаас мэдээлэх гэж хичээнэ. Ямартай ч ардчилсан байр суурьтай хүн болохоор араас дарамтлах нь арай ч үгүй. Баяр бол барьц сайтай, бас л зэвүүн улстөрч. Үнэндээ л санаа нийлэхгүй үйлдлийг нь шүүмжлээд байхаар нүүр тулаад ярих гэнэ, тултлаа бас хол л доо.

Энхболд бол аль эрт вакумд гүйгээд орчихсон хүн байсан. Тэр шилэн хаалтныхаа цаанаас цухуйна гэж үгүй, тийм хэвээрээ л буусан. Сү.Батболд шинэ цагийн, шинэ жишиг авчирсан, хэвлэлийнхэнтэй их соёлтой харьцана. Өндөр соёл нь манай хөрсөн дээр буух гэж өчнөөн юм болно, шүүмжлэлд маш номхон. Үг сонсоно, үнэндээ бол харизм нь хурц биш. Хүрэлсүх юу ч болж байсан туулаад гарна л гэж үзнэ. Шүүмжилсэн ч, үнэлсэн ч сэтгүүлчийн ажил руу орохгүй. Сэм үг дайхгүй, цаанаа нэг цараатай. Харин энэ удаа 1980 онд төрсөн, хамгийн залуу Ерөнхий сайдаар Д.Оюун-Эрдэнэ намаасаа 99.2 хувиар гараад ирлээ. Эртхэн л сайн, муугаа ярьж авъя. Алсын хараа, Азийн хүлэг улс хоёр номтой. Номын дэлгүүрт таараад нэгийг нь дурсгаж байсан санагдаж байна. За би ч шүүмжлэх нь ч, шүүрээд үнэлэх нь ч хурц талдаа, худлаад дургүй. Тэр болгонд араас сэм өшиглөж, урдаас сэт урвалзахгүй шинэ залуу хүн гэж харж байна.

Нэг л үг хэлмээр байна. Энэ ард түмэн үе үеийн Ерөнхий сайдуудаас хөгжил, хөгжил, бас дахин хөгжил хүсэн хүлээж ирлээ. Гэвч хөгжил гэдэг нь мөнгөөр мөндөр оруулах, гоё үгээр гол гогдох, харизмаар хаанчлах, 400 сая жуулчнаар дөрөөгөө чимэх явдал биш юм аа. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулж, өөртэйгээ адил залуусыг ажилтай, орлоготой болгохоос хөгжил эхэлнэ. Хэнтийн Бэрх сумын сургуулийн харуул, намын байрны манаач хийгээд ээждээ нэмэр болоод гүйж явсан төгсөх ангийн сурагч Оюун-Эрдэнийн ажил, амьдрал өөрчлөгдсөн байж болно, өндөр үнэ, өргөн карьерт хүрсэн байж болно. Өөртэй чинь нас чацуу, дээшээ, доошоо нэгэн үеийн залуусын амьдрал ахихгүй байна, ажлын байргүй хэцүү байна, амьдралын баталгаагүй хүнд байна.

Үүнийг олж харж, амьдралынхаа өнгөрсөн цаг руу өнгийгөөсэй, өрөөлийн зовлонг өргөөд өндийгөөсэй гэж хүсье. Ажиглаад байхад Оюун-Эрдэнэ алдаа, онооны аль алийг зэрэгцүүлж, улс төрд унаа сайтай өнөөг хүрсэн улстөрч. Залуу үеийн төлөөлөл болж байгаагийн хувьд залуустаа итгэх энэ цагийнхны итгэл Оюун-Эрдэнийн нуруун дээр бууж байна. Үүрээд даагаасай, үүрсээд даваасай даа. Өrзөrөө дoлooлгох сайхан л байх, өндрөөс буухын цагт хэцүү шүү. Эрх мэдэл гэдэг юм дөчтэй Оюун-Эрдэнэ байтугай, дөрөө чангарсан Энхбаярыг Энхболдтой нь эвддэг юм шүү, за тэгээд танай МАН ч хүн эвдэж, хүрээлж aлaxдаа сайн даа!

БНXAУ-д зайрмагнаас Covid-19 илэрч, худалдан авсан хүмүүсийг хайж эхэлжээ

Previous article

Н.Цэлмүүн хатагтай сэтгүүлч бүсгүйтэй ам зөрөв

Next article

You may also like

Comments are closed.